• Албан ёсны цахим хуудас
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгуулж 96 хувьтай үнэлэгдлээ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ оны 5 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан баг хүрэлцэн ирж ажиллалаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хөтөлбөрийн дагуу мал, амьтны гоц халдварт боом, хүний гоц халдвар тарваган тахал, газар хөдлөлт, объектын хөлдөлт, нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуулийг зохион байгуулж, “Гамшгийн үеийн удирдлага” сэдэвт штабын дадлагын хүрээнд аймгийн онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн сургууль удирдагчаас өгсөн цагийн байдлын даалгаврыг гүйцэтгэж арга зүйгээр хангагдлаа. Мөн Зүүнбаян-Улаан сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулав.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа сургуулийн удирдагч Б.Ууганбаяр хэлэхдээ: “Орон нутгийн зүгээс тус арга хэмжээг сайн зохион байгуулж, томилгоот бие бүрэлдэхүүн сайн ажилласан, ард иргэд идэвхтэй оролцсон мөн хогийн цэгийг цэвэрлэж, 24 айлын орон сууцны дулаан болон цэвэр усны шугамыг сольсон нь бүтээлч ажлууд байлаа, хээрийн дадлага сургуулийг бие дааж хийсэн нь онцлог байв” хэмээгээд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагааг 96 хувьтай дүгнэлээ.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгуулахад хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан аймгийн Засаг даргын орлогч, тус сургуулийн ажлын хэсгийн ахлагч О.Батжаргалыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, онцгой байдлын хурандаа Г.Чулуунбаатарыг ОБЕГ-ын даргын тушаалаар “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнав.

 

 

2015-05-08 08:42:02