• Албан ёсны цахим хуудас
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх журмын төсөлд олон нийтийн саналыг авч байна. Та бүхэн журмын төсөлд өгөх саналаа uvurkhangai01@gmail хаягаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ирүүлэх боломжтой.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл:

1.1.Энэхүү журмын зорилго нь аймгийн нутаг дэвсгэрт нутгийн иргэд, гадаад дотоодын аялагч, жуулчдад аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэхүү журам нь Аялал жуулчлалын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Татварын тухай, бусад холбогдох Монгол улсын хуультай нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, аймгийн Аялал жуулчлалын дэд хөтөлбөртэй нийцсэн байна.

1.3. Аялал жуулчлалын үйлчилгээ гэж зочны гэр, отоглох, хоноглох цэг ажиллуулах, морин хөтөч хийх, уламжлалт хоол хүнс, цагаан идээгээр үйлчлэх зэргийг ойлгоно.

Хоёр. Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх этгээд хүсэлт гаргах:

2.1 Тухайн сум, орон нутгийн иргэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хүсэлтээ Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд, хамгаалалтын захиргаагүй газар сумын Засаг даргад бичгээр гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана.

2.1.1 Тухайн этгээдийн явуулах үйл ажиллагааны чиглэл, хүчин чадлыг тусгасан нотлох баримт,

2.1.2 Иргэний үнэмлэхний хуулбар,

2.1.3 Оршин суух газрын хаягийн тодорхойлолт,

2.1.4 Үйл ажиллагаа явуулах байршил тогтоосон солбицол

2.2 Сумын Засаг дарга, Хамгаалалтын захиргаа хүсэлтийг хүлээн авч доор дурдсан ажиллагаа явуулна.

2.2.1 Хүсэлтийг хүлээн авч, судлан 30 хоногийн дотор шийдвэрлэнэ,

2.2.2 Хүсэлтийг хүлээн авч, ирүүлсэн дарааллын дагуу бүртгэн, түүнд хавсаргасан баримт, бичгийн бүрдлийг нягтлан шалгаж, дугаарлан бүртгэнэ,

2.2.3 Шаардлага хангаагүй хүсэлтийг буцаахдаа үндэслэлийг тусган хүсэлт гаргасан этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ,

2.2.1.3 Шаардлага хангасан хүсэлт ирүүлсэн этгээдтэй тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, тухайн сумын Засаг дарга гурвалсан гэрээг Иргэний болон бусад холбогдох хуулийн хүрээнд байгуулна.

Гурав. Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэхэд тавигдах нийтлэг шаардлага:

3.1 Үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргах этгээд насанд хүрсэн байна.

3.2 Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч этгээд нь холбогдох сумын Засаг даргын Тамгын газар, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулсан байна.

3.3 Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зочны гэр, отоглох цэг ажиллуулахаар гэрээ байгуулсан этгээдэд “Гэрчилгээ”, морин хөтөч хийхээр гэрээ байгуулсан этгээдэд “Үнэмлэх”-ийг тус тус гурван жилийн хугацаагаар олгох бөгөөд гэрээний хэрэгжилтийг үндэслэн сунгалтыг жил бүр хийнэ.

3.4 Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон асуудлаар эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авсан байна.

3.5 Үйлчилгээ үзүүлэгч этгээд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар үйлчилнэ.

3.6 Анхны тусламж үзүүлэх эм хэрэгсэлийн нөөцтэй байна.

3.7 Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч этгээд гэрээний хугацаанд, тогтоосон хураамжийг холбогдох дансанд төвлөрүүлж, гэрээний биелэлтэд хавсаргасан байна.

Дөрөв. Зочны гэр ажиллуулахад тавигдах шаардлага

4.1.1 Зочны гэр ажиллуулахаар гэрээ байгуулсан этгээд 5 хүртэл гэр барих ба үүний 1 гэр нь гал тогооны үйлчилгээний зориулалттай байна.

4.1.2 Гэр хоорондын зай 5 метрээс доошгүй байх ба байгалийн үзэгдэл, аадар бороо, мөндөр, салхи шуурга, галын аюулгүй байдал, амрагчдын ая тух, аюулгүй байдлыг хангасан байна.

4.1.3 Зочин хүлээн авах гэрүүд нь нэгэн жигд бүрээстэй, амьдарч буй гэрээс ялгарах тэмдэг, өнгө, дугаартай байна.

4.1.4 Зочны гэр ажиллуулж буй өрх тус бүр жуулчны бааз, өөр хоорондоо 1 км-ээс багагүй зайтай байрлана. Зөвшөөрөгдсөн бүсэд нүүдэлчин соёл, уламжлалт зан заншлыг харуулах зорилгоор малчин өрхийн дэргэд байж болно.

4.1.5 Зочны гэр ажиллуулах өрх өөрсдийн амьдрах гэрийг зочин хүлээн авах гэрүүдээс 30 метрээс доошгүй зайд салхин дор байрлуулна.

4.1.6 Зочны гэр, үйлчилгээ үзүүлэх орчин, авто машины зогсоол зэрэгт тэг гортиг татаж, тэмдэг тэмдэглэгээ байрлуулна.

4.1.7 Зочны гэр ажиллуулж буй өрх байгальд ээлтэй жорлонтой байх ба энгийн хурай хог хаягдлыг ангилан ялгаж, шаардлага хангасан түр цэгт хадгална.

4.2 Зочны гэрт тавигдах шаардлага

4.2.1 Зочны гэр нь өнгө үзэмж сайтай, хаалга дотор, гадна түгжээтэй байна.

4.2.2 Орны гудас, цагаан хэрэглэл нь цулгуй цайвар өнгөтэй, хөвөн зөөлөн даавуугаар хийгдсэн 2-оос доошгүй ээлжтэй байна.

4.2.3 Зочны гэр нь ширээ, гар угаалтуур, угааж цэвэрлэхэд хялбар шал, гэрэл, цахилгааны эх үүсвэр, зуух, орны тоогоор мөр өлгүүр, сандал, цайны болон хоолны аяга, таваг, халбага сэрээтэй байна.

Тав. Отоглох, хоноглох цэг ажиллуулахад тавигдах шаардлага

5.1.1 Аялагчдын майхан платка барих талбай, машин, тээврийн хэрэгслийн зогсоол, гал түлэх цэг, ус авах цэг зэргийг байгалийн чулуу, шохой зэрэг материалаар хаших, тэг гортиг татах, тэмдэгжүүлэх зэргээр байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар тохижуулна.

5.1.2 Отоглох цэг нь аялагч жуулчид, амрагчдын байрлуулах үндсэн үйл ажиллагаанаас гадна стандарт хангасан, морин хөтөч, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ, бэлэг дурсгалын үйлчилгээ явуулж болно.

5.1.3 Отоглох цэг нь энгийн нүхэн жорлонг ашиглахгүй байна.

5.2 Отоглох цэгийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлага

5.2.1 Отоглох, хоноглох цэгт байрлагчдын товч бүртгэлийг батлагдсан маягтын дагуу улирлаар гарган дараа улирлын 10-ны дотор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлнэ.

5.2.2 Орон нутгийн түүх соёлын дурсгалт зүйл, онцлог, хууль, журмын талаарх мэдээллийн талаар үнэн зөв бодит мэдээллийг жуулчид, аялагч, амрагчдад өгнө.

5.2.3 Отоглох цэгийн үйлчилгээ эрхлэгч нь хариуцаж байгаа цэгийн орчны цэвэрлэгээ, аялагч, амрагчдын тав тухтай байдлыг ханган, Байгаль орчин аялал жуулчлалын газар болон холбогдох газруудаас өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллана.

Зургаа. Морин хөтчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага

6.1 Гуравласан гэрээ байгуулж, үнэмлэх авсан этгээд, үйлчилгээ үзүүлэхдээ үндэсний хувцас өмсч, үнэмлэхийг ил зүүсэн байна.

6.2 Уналгын морь, тэмээ нь номхон, шаардлага хангасан /арьс, шир , малын ноос/ иж бүрэн тоноглолтой байна.

6.3 Морь унаж буй 5 жуулчин тутамд нэгээс цөөнгүй морин хөтөчтэй байна.

6.4 Морин аяллын үед нэг өдөрт 45 км-ээс ихгүй зам туулна.

6.5 Аяллын дундуур 2 цаг тутамд мориноос буулгаж амрааж, биеийн чилээг гаргана.

6.6 Морь, тэмээ унуулах, аялал хийхээс өмнө жуулчинд аяллын үед хувцсыг хэрхэн тохируулах болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгнө. Үүнд: доорхи зааварчилцгааг заавал оруулна.

6.6.1 Морины хойгуур ойрхон гарвал өшиглөх, эгц урдаас нь очвол самардах, хүзүүн доогуур нь шурган гарвал цоройж самардах аюултай,

6.6.2 Хэт том үүргэвч, цүнх үүрэх, уудлах морь унаж явах үед болон зогсох үед морин дээрээс буулгүй хувцсаа тайлах, өмсөх, зураг авах, тамхи татахгүй байх,

6.6.3 Хөлөө хэт дээр өргөх, орилж хашхирах, зөвшөөрөлгүй давхих, хоорондоо уралдах, зэрэгт морь үргэх аюултайг тайлбарлах.

Долоо. Үйлчлүүлэгчид тавигдах нийтлэг шаардлага

7.1 Зочны гэр болон Отоглох цэгээр үйлчлүүлж байгаа аялагч, амрагч, жуулчид тээврийн хэрэгсэл, авто машинаа тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоолд байрлуулна.

7.2 Отоглох цэг ашигласны болон зочны гэр, морин хөтчийн төлбөрийг тогтоосон тарифаар төлж, баримтыг авна.

7.3 Аялагчид майхан, платкаа“Отоглох цэг”-ийн тусгайлан заасан талбайд барих бөгөөд 4 майхан тутам зориулалтын нэг галын цэгтэй байна.

7.4 Тусгайлан бэлтгэж өгсөн хогийн уутанд энгийн хог хаягдлыг ангилан хийж, тогтоосон цэгт хаяна.

Найм. Хориглох зүйл

8.1 Газар хөндөх, ухах, мод огтлох хугалах, зөвшөөрөөгүй цэгт ил гал түлэх, гол ус, хөрс, агаар орчныг бохирдуулах, ил задгай бие засах,

8.2 Зочны гэр, ил талбайн ширээ сандал, гал түлэх зориулалтын цэг, ОО, машины зогсоол, самбар, тэмдэг, тэмдэглэгээ зэрэг талбай тохижуулсан эд зүйлийг эвдэх гэмтээх,

Ес. Хяналт

9.1 Зочны гэр, Отоглох цэг, морин хөтчийн үйл ажиллагаа, гэрээний үүргийн хэрэгжилтэд тухайн сумын Засаг дарга, хамгаалалтын захиргаанаас хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.

Арав. Журам хэрэгжих, Хариуцлага

10.1 Журмыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр болсонд тооцно.

10.2 Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

--о0о--

 

2020-04-21 15:47:10