• Албан ёсны цахим хуудас
Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт, хэлэлцүүлэг болов
Эдийн засгийн хөгжил нэмэгдэхийн хирээр түүний бодит үр өгөөжийг орон нутгийн иргэд, олон нийт хүртэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өвөрхангай аймаг нь эдийн засаг, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтцээрээ дээгүүрт ордог аймгуудын нэг бөгөөд тус аймагт үнэт цаасны 1, даатгалын 121, банк бус санхүүгийн байгууллага 18, хадгаламж зээлийн хоршоо 3 буюу санхүүгийн нийт 150 гаруй байгууллага 116 мянга гаруй иргэнд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна.
Сургалт, хэлэлцүүлгээр хөрөнгийн зах зээл, даатгал, мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин, зах зээлийн нөхцөл байдал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, иргэд санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэж, сонирхсон асуултад нь хариулт өгөв.
Түүнчлэн Төрийн банк, Хас банк, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аас үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, иргэдэд үнэт цаасны данс нээх, хэрхэн хувьцаа эзэмшигч болох талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

 

2023-06-13 10:11:00