• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймагт 30.240 га талбайд ойн хортон шавьжны устгал хийнэ
Өвөрхангай аймагт 30.240 га талбайд ойн хортон шавьжны устгал хийх бөгөөд 20.000 га талбайд авиахимийн буюу агаараар, 10.240 га талбайд гар аргаар хийхээр төлөвлөсөн.
Аймгийн хэмжээнд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ойн сан бүхий Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан, Уянга, Хайрхандулаан сумдад ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг “Гранд форест” болон “Хатант форест” ХХК-иуд сумдын ЗДТГ-тай гэрээ байгуулан 10.240 га талбайд утаат үүргэвчин шүршигч багаж ашиглан ойн хортон шавжийг устгах ажлыг хийж гүйцэтгээд байна. Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ байгалийн нөөц ашигласаны төлбөрийн тухай хуулийн дагуу ой бүхий сумдын төсөвт тусгагдсан байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 409,5 сая төгрөг зарцуулжээ.
Аймгийн ойн сангийн 20.000 га талбайд авиахимийн буюу агаараар ойн хортон шавжийг устгах ажил өнөөдөр Бат-Өлзий сумаас эхэллээ. Тус ажлыг Эйр трактор (Онгоц)-оор нийт 48 удаагийн нислэг хийж, Бат-Өлзий сумын ойн сангийн 16.000 га талбайд, Хархорин болон Хужирт сумын ойн сангийн 4.000 га талбайд хөнөөлт шавжийн устгал хийх юм.
Тус онгоцоор 1.5 тэрбум модны хөнөөлт шавжийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл устгаж дуусгахаар төлөвлөсөн. Энэхүү ажлын 5.000 га талбайн үйл ажиллагааг улсын төсвөөс, 15.000 га талбайн үйл ажиллагааг “Риотинто Монгол” ХХК-нь Тэрбум мод төслийн хүрээнд хариуцан санхүүжүүлж байна.
Өвөрхангай аймаг 175 мянган га шилмүүст ой, 126 мянган га заган ойтой. Энэ жилийн хувьд эгэл бийрэн сүүлт эрвээхэй, шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч хорхой зэрэг хортон шавжууд ой модонд голомтлон тархаад байгааг 2023 оны 5 дугаар сард зохион байгуулсан ойн судалгаагаагаар тогтоосон бөгөөд ойн хортон шавьж устгах ажлыг энэхүү судалгаанд үндэслэн мэргэжлийн байгууллагууд зохион байгуулдаг юм.

 

2023-08-11 19:00:42