АЙМГИЙН ӨСВӨРИЙН МОРИН ХУУРЧДЫН АНХНЫ ТОГЛОЛТ ЭНЭ САРЫН 24-НД БОЛНО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг, Засгийн газрын 2024 оны 59 дүгээр тогтоолын дагуу Өвөрхангай аймаг Өсвөрийн морин хуурын анхны чуулгатай болсон билээ.
Өсвөрийн морин хуурын чуулгыг аймгийн Хөгжимт драмын театрын дэргэд 2024 оны 01 дүгээр сард 26 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, морин хуурч Б.Түвшинжаргал, Хөгжмийн ангийн багш М.Мижиддорж нарын удирдлага дор хичээллэн анхны тоглолтоо орон нутгийнхаа үзэгчдэд толилуулах гэж байна.
Тус чуулга “Монгол аялгуу” тоглолтоо аймгийн Хөгжимт драмын театрт энэ сарын 24-ний өдрийн 18:00 цагт зохион байгуулахаар бэлтгэл хангасан.
Мөн энэ өдөр “Орон нутагт морин хуурыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжуулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн Соёл урлагийн газраас зохион байгуулна.
Дашрамд дуулгахад, Өсвөрийн морин хуурчид саяхан Улаанбаатар хотод улсын Морин хуурын чуулгатай танилцан Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Монгол аялгуу” бүтээлийг хамтран тоглосон юм.
Аймгийн ЗДТГ, Эрдэнэзуу музейгээс Өсвөрийн морин хуурын чуулгын хувцас хэрэглэлд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2024-05-22 07:22:11