Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг” утаатай тэмцэх үйл ажиллагааныхаа нэгдсэн төлөвлөгөөг баталж, эхний ажлуудаа хэрэгжүүлээд байна.
Нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтнүүд Арвайхээр суманд 4 өдөр ажиллаж, БОЭТ, 60 айл, 36 айл, 48 айлын орон сууц, Дэлгэрэх хүнс ХК, Чинмэнд эмнэлэг, Монзах, Цагдаагийн газар, Шүүх, Арвайхээр палас зочид буудал, ЗХ-ний 256-р ангийн орон сууц зэрэг 12 объектийн усан халаалтын зуухнаас гарч буй хаягдал утааны хийн агууламж болон орчны тоосжилтын хэмжээг тогтоолоо. Нэг удаагийн хэмжилтээр агаарын тоосонцор зарим үед стандарт хэмжээнээс 3 дахин их байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь айл өрхүүдийн яндангаас гарч байгаа утаа, шороон замаар явж байгаа тээврийн хэрэгслийн нөлөөнөөс үүдэлтэй болохыг мэргэжилтнүүд хэллээ. “Хатуу хучилтгүй зам нь орчны бохирдол төдийгүй хөрсний элэгдэл, доройтолд хүргэж байгаа, түүнчлэн судалгаа хийсэн 12 зуухны 80 хувь нь Хятадын чанар муутай зуух, түлж байгаа нүүрс ч чанар муутайгаас дэгдэмтгий үнс, тортог гаргаж байна” гэсэн юм.
Аймгаас агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд 400 сая төгрөгийн хөрөнгө гаргаж байгаа бөгөөд Арвайхээр сумын гэр хорооллын айл өрхүүдээс зуухны судалгаа авах, эхний ээлжинд хоёр багийг сонгон утаа гаргадаггүй, түлш хэмнэдэг шинэ технологийн зуух 1000-1500 ширхэгийг нийлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн жижиг нам даралтын зуухыг нэгдсэн том зууханд холбох боломжийг судалж, нүүрсний чанар, технологид анхаарах юм.
Уг ажилд ард иргэдийн санал, сэтгэгдлийг тусгахын тулд 70321111 дугаарын утас, бусад хэлбэрээр холбогдон санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна.