ЗХЯ, БХБЯ, ХЯ, ҮХААЯамны мэргэжилтнүүд 3 сарын 16-ны өдөр Арвайхээр хотод ажиллаж, иргэдээс Арвайхээр суманд 2014-2016 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний саналыг авлаа.
Хэлэлцүүлэгт 700 орчим хүн оролцон Арвайхээр хотод нэн тэргүүнд хийх шаардлагатай бүтээн байгуулалтын ажлын талаар дуу хоолойгоо хүргэсэн бөгөөд бичгээр санал хүсэлтээ өгсөн юм. Иргэдийн саналыг нэгтгэж дүгнэхэд Дулааны цахилгаан станц барих ажилд хамгийн олон санал ирсэн ба Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хөнгөлттэй үнээр утаагүй зуухаар хангах, цэцэрлэг, сургуулийн барилгыг нэмж барих, багуудын дундах авто замуудыг үргэлжлүүлэх, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, ногоон байгууламж, нийтийн орон сууцны тохижилт, цахилгааны дэд станц, халдварт, сүрьеэгийн төв барих зэрэг асуудлыг нэн чухалд авч үзсэн байв.
Харин Шүүх, Прокурор, Шүүхийн шинжилгээний алба, Гал унтраах анги, ХХААЖДҮГазарт конторын барилга барих, кино театр, ахуйн үйлчилгээний төв байгуулах зэрэг ажлыг иргэд жагсаалтын сүүлд эрэмбэлжээ.