Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Өсвөр үе – Ирээдүйн эцэг, эх” хөтөлбөрийг Өвөрхангай аймагт хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.
Аймгийн Эрүүл мэндийн газар, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хэлтэс, Гэр бүл, хүний хөгжил төв хамтран боловсруулж буй уг хөтөлбөрт хүүхэд, иргэдийн саналыг тусгах үүднээс “Өсвөр үе – Ирээдүйн эцэг, эх” хэлэлцүүлгийг зохион байгуулж, 70 орчим хүний санал сэтгэгдлийг сонссон бөгөөд Хүүхдийн эрхийн 70323355, аймгийн ЭМГ-ын 7023536 дугаарын утсаар иргэдээс мэдээлэл авчээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, ээлтэй орчин бүрдэн, өсвөр үеийнхний өвчлөл буурах, хүмүүжил төлөвшилтэй иргэн хүн болох, эрүүл зан үйлийн мэдлэг, хандлага нэмэгдэх, өсвөр үеийнхнийг үйл ажиллагаанд олон нийт, эцэг эх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирсан байх зэрэг үр дүнд хүрэхээр тооцож байгаа юм.
Хөтөлбөрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, аймгийн ИТХТ-ийн хуралдаанд оруулахаар боллоо.