Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын төв барааны захад үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдээс аймгийн болон Арвайхээр сумын Засаг даргад гомдол, өргөдөл ирүүлсэний дагуу аймгийн Засаг даргын а/64 тоот захирамж гарч, ажлын хэсгийг томилон 3 дугаар сарын 06-17 өдрүүдэд ажиллуулсан. Ажлын хэсгээс хэд хэдэн томоохон асуудлыг шийдвэрлэн, тодорхой үр дүнд хүрсэн байна. Энэ тухай мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, ШӨХТГазрын Өвөрхангай аймаг дахь улсын байцаагч Ц.Пунцагаас тодрууллаа.
- Төв захад хэд орчим хүн худалдаа, наймаа хийдэг вэ? Ажлын хэсгийн гол зорилго юу байв?
- Арвайхээр хотын төв захад 10 гаруй худалдааны төв, 140 орчим контейнерт 800 гаруй хүн бизнес эрхлэж байна. Тэнд худалдаа эрхлэгчид болон иргэдээс ирсэн хүсэлт, гомдлын дагуу төв зах дахь худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөхөөр аймгийн Засаг даргын захирамж гарч, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Арвайхээр сумын ЗДТГ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэний төлөөлөөс бүрдсэн ажлын хэсэг томилогдон ажиллалаа. Ажлын хэсгээс олон нийтээс ирүүлсэн гомдлыг барагдуулах, худалдааны төвүүдийн түрээсийн талаар судалгаа явуулж, бодитой эсэхэд дүгнэлт гаргах, ААН-ийн санхүүгийн тайланд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, газар эзэмшилтийн байдлыг шалгах зорилготой ажилласан.
- Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн гэсэн. Асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
- Төв барааны зах дэрэ үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч, түрээслүүлэгчийн харилцаа нь Монгол улсын Иргэний хуулиар зохицуулагдах ёстой. Тус хуулийн 318 дугаар зүйлд түрээсийн тухай бүх заалт орсон байдаг. Шалгалтын үеэр худалдааны төвүүд нь дээрхи хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа нь илэрсэн. Нэгдүгээрт түрээслэгчидтэйгээ гэрээ байгуулаагүй, зарим байгуулсан гэрээ нь хуулийн дээрхи заалтыг тэр бүр хангаж чадахгүй байна. Хоёрт зарим төвүүд хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр суурь үнэ гэгчийг бий болгож, 400,000 – 600,000 төгрөгийг түрээслэгчидтэй гэрээ байгуулалгүй хураасан байна. Гуравт түрээсийн байдлын судалгааг Татварын хэлтэст өгсөн тайлантай нь тулгаж үзэхэд нэлээн зөрүү гарч гарсан. Дөрөвт газар эзэмшилт, ашиглалтын байдалд шалгалт хийхэд хоёр зөрчил илэрсэн. Тухайлвал эзэмшиж буй газраа бусдад ашиглуулахдаа Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Мөн бусдад ашиглуулах түрээсийн төлбөрийг аймгийн ГХБХБГазраас тогтоож өгдөг. Энэ хоёр ажил ерөөсөө хийгдээгүй байна. Төв захад газар эзэмшиж байгаа нөхдүүд м2 газарт 8 төгрөг л төлдөг. Жилдээ 11,000 төгрөг гэсэн үг. Гэтэл бусдад сарын 20-40,000 төгрөгөөр түрээслэж, жилд 21 сая төгрөгний цэвэр орлого авчихаад нэг удаа ч хөрөнгө оруулалт,тохижилт хийгээгүй байна. Энэ мэтчилэн олон зөрчил илэрсэн. Эдгээр бүх зөрчлөө арилгаж, 4 сарын 1-ээс эхлэн хуулиа баримталж ажилла гэсэн шаардлагыг тавьсан. Аль, аль тал нь хариуцлага, эрхзүйн тэгш харилцааг мөрдөж ажиллах нь чухал юм.
- Худалдааны төвүүдэд илэрсэн хууль бус зөрчлийг арилгуулах талаар ямар ажил хийх вэ?
- Түрээслэгчтэй байгуулсан түрээсийн гэрээ нь хуулийн заалт хангахгүй байгаа учраас бид гэрээний загвар боловсруулж хүргүүлсэн. Мөн түрээсийн үнэ 1 м2 нь сарын 25,000 байсныг эзэдтэй нь тохиролцож 20,000 болгон буурууллаа. Энэ нь нэг хүнд тооцоход жилд 600 мянган төгрөгийн зардал хэмнэх юм. Суурь үнэ гэж байх ёсгүй. Үүнийг захын эздээс барьцаа мөнгө гэдэг талаас нь ярьж байгаа. Шилэн лангуу, шалны халаалт тавьж, хөрөнгө оруулалт хийсэн учраас барьцаа мөнгө авмаар байна гэж байгаа. Хэрвээ барьцаа мөнгө авахаар бол түрээсийн гэрээнээс тусдаа гэрээ байгуулж, түрээслэгчийг гарах үед эргэн төлдөг байх ёстой. Мөн татварын зөрүүтэй байдал илэрсэн. Энэ тухай Татвараас үнэлгээ, дүгнэлт өгөх байх.
Цаашид төв захын орчимд дахин газар төлөвлөлт хийнэ. Засгийн газар, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт битүү захтай болох талаар тусгагдсан. Тэнд маш олон уурын зуух ажиллаж, агаарын бохирдолд “нэмэр, хандив” оруулж байгаа. Тиймээс дулаан, цэвэр бохир, инженерийн шугам сүлжээ, цахилгааны шугам, зам, машины зогсоол, талбайг цогцоор нь шийдвэрлэхийн тулд дахин газар төлөвлөлт хийхээс өөр арга байхгүй. Газрын гэрээг удаа дараа ноцтой зөрчсөн газар эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцлана.