Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/44 дүгээр тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд комиссийг болон төсөл шалгаруулах журмыг аймгийн ИТХТ-ийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Аймаг, орон нутагт үйлдвэрлэл эрхэлж байгаа ЖДҮ-ийг санхүү, зээлийн бодлогоор дэмжин, арилжааны банкаар дамжуулан зээл олгох төслийг сонгон шалгаруулах дэд комисс нь орон тооны бус дарга, нарийн бичгийн дарга зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд ажлын байр бий болгох, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, техник төхөөрөмжөө шинэчлэхэд нь дэмжлэг үзүүлж төрөөс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлэнд хамруулдаг бөгөөд энэ удаа үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг, борлуулах зах зээлтэй, түүхий эдийн нөөцийн хэрэгцээ, шаардлагыг судласан, үйлдвэрлэл эрхлээд 1-ээс доошгүй жил болж байгаа, үйл ажиллагаа явуулах нөөц, боломж бүрдсэн, банкинд хугацаа хэтэрсэн өр, зээлгүй, орон нутагт татвар төлөгч байх зэрэг шарадлагуудыг тавьж байгаа юм.
Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлэнд хамрагдсанаас хойш 30 хоногийн дотор үйл ажиллагаагаа эхлүүлж, 3 сард багтаан жигдрүүлэх үүрэг, хариуцлагыг давхар хүлээнэ.