Өвөрхангай аймгийн ИТХ-аар Арвайхээр, Тарагт сумын хилийн цэсийг өөрчлөх тухай хэлэлцлээ. Монгол улсын ЗЗНДНТУТухай хуулийн 29.1.3 дахь заалт, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 17.1 дэх заалтыг тус тус үндэслэн Арвайхээр сумын газрын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагын дагуу хоёр сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулахаар болж, ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгээс тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах шалтгаан, Арвайхээр, Тарагт сумын газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын байдлыг тогтоон дүгнэлт гаргах, хилийн цэсэд өөрчлөлт хийх асуудлыг тус сумдын багийн ИНХ-аар хэлэлцүүлэн, иргэдийн саналыг авч шийдвэр гаргуулах, хилийн цэсийн ба нэрийн зургийг гаргах зэрэг ажлуудыг хийх юм.
Мөн ИТХ-аар Хархорин, Хужирт, Харйхандулаан, Нарийнтээл сумын төвийн тэг гортигийг нэмэгдүүлэх тогтоол гаргалаа. Иргэдийн газар өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, сумдын ИТХ-аас ирүүлсэн хүсэлт, өмчлүүлэх боломжтой газрын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагын дагуу уг ажил хийгдэж байна.