Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв, Завхан, Говь-Алтай аймаг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн хэвлэл мэдээллийн ажилчид, сэтгүүлчид хамрагдсан “Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт зөвлөгөөн Архангай аймагт 5 сарын 2,3-ны өдрүүдэд боллоо. 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тус сургалтанд Өвөрхангайгаас аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, “Соёмбо”, “Хас”, “Жи” телевиз, “Ноён-Уул” радио, “Таны-Элч” сонины сэтгүүлчид оролцож, нээлттэй засаглалын талаар санал сэтгэгдлээ илэрхийллээ.
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдал, иргэдийн оролцоонд суурилсан ажил гэж ихээхэн ярих болсон энэ үед энэхүү сургалт хэлэлцүүлэг нь цагаа олсон арга хэмжээ болсон бөгөөд төрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг онцгой чухал гэдгийг сургалтаар онцолж байлаа. Тухайлвал сэтгүүлчид нь төр, иргэний “гүүр” байгаад зогсохгүй зарим үед чиглүүлэгч байх ёстой гэдгийг энд сануулаад авсан. “Төрийн байгууллага, төрийн албан хаагчид шат шатанд шинэчлэгдсэнээр хуулиа мэдэхгүй байх, зөрчих асуудал маш ихээр гарах болсон. Энэ тохиолдолд хууль цээжил гэж шаардахгүй ч хууль зөрчөөд байна гэдгийг нь хэвлэл мэдээллийнхэн л сануулах ёстой” гэж МСЭ-ийн Архангай аймгийн салбар зөвлөлийн тэргүүн О.Амарзаяа илтгэлдээ онцолж байв.
Мөн сургалтаар сэтгүүлчид нь мэдээлэл авах, түгээх үйл ажиллагааныхаа явцад эрхээ эдэлж чадаж байгаа эсэх талаар өөрсдийн тулгамдсан асуудлаа ярилцлаа. Энэ үеэр Булган, Төв, Баянхонгор аймаг, Налайх дүүргийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа болохоо жишээгээр илэрхийлж, МСЭ-ээс тусламж, дэмжлэг эрэлхийлж байлаа. Жишээлвэл “Баянхонгор” телевиз нь байрандаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас шатаар дамжин цонхоороо орж, гарч байгаагаа ярьсан бол Булган, Төв аймгийн төрийн захиргааны байгууллагаас дэргэдээ Хэвлэл мэдээллийн алба байгуулж, түүгээр дамжуулан хэвлэлийн эрх чөлөөг хумих хандлагатай болж байгаа, зарим хэвлэл мэдээллийн байгууллага хаалгаа барихад хүрсэн тухай хэлж байв.
Энэ мэт аймаг бүрээс ирсэн сэтгүүлчид өөрсдийн жаргал, зовлонгоо ярьж, тулгамдсан асуудалдаа гарц хайсан бөгөөд хэвлэл мэдээллийн эрх чөлөө илт давамгайлсан, аймгийн удирдлагуудаас хэвлэлийнхэнд тэгш зарчмаар ханддаг аймаг нь Өвөрхангай байлаа. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал “Бид өөрсдийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандахыг орон нутгийн сэтгүүлчиддээ бүр уриалдаг. Гагцхүү мэдээлэл нь үнэн бодит, зөв, олон ургальч байж, бидний ажилд тус нэмэр болохыг л хүсдэг. Аймгаас төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд тодорхой санхүү төсөвлөн хэвлэлийн байгууллагуудтайгаа гэрээ байгуулан хамтран ажилладаг” гэсэн юм.
Сургалт зөвлөгөөний үеэр Өвөрхангай аймгийн сэтгүүлчдээс орон нутгийн телевизүүдийг тоон системд оруулж, хөдөө сумдад гаргах, урсдаг зарыг хориглосон шийдвэрийг цуцлах, орон нутгийн сэтгүүлчдийг чадавхижуулах, тогтвортой ажилладаг байхад нь бодлогоор анхаарах, төрийн байгууллагуудыг хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжлийн орон тоотой байлгах, хэвлэлийн эрх чөлөөний хуулийг нэн яаралтай батлах зэрэг санал хүсэлтүүдийг тавьж, Монголын сэтгүүлчдийн эвлэл нь шагналыг хавтгайруулж өгөхөөс өөрөөр бодит ажил хийхгүй байгаа талаар шүүмжиллээ.