"МОНГОЛ ГЭР" үзэсгэлэнд Өвөрхангай аймаг “ӨНДӨР БОГДЫН ӨРГӨӨ” гэрээр оролцлоо.
Монголчууд бидний үндэсний бахархал, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол гэрийг хүүхэд залууст болон манай орныг зорин ирсэн жуулчдад таниулах зорилготой. “Өндөр Богдын өргөө”-нд “Нүүдэлчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж, монгол гэрийн бүтэц, гэр барих, буулгах, унь өлгөх, хана боох, бүслүүр татах зэрэг уламжлалт зан үйлийг зочид, хүүхэд залууст тайлбарлан таниуллаа. Тухайлбал,
Бат-Өлзий сумын өвлөн уламжлагч П.Төмөрбат монгол гэрийг зургаа дахин багасгаж урласан, бүрэн тавилгатай монгол гэрийг урлалын багаж хэрэгслийнхээ хамт танилцуулсан.
Баруунбаян-Улаан сумын өвлөн уламжлагч Д.Мандах, Т.Наран нар тэмээний ноосоор утас ээрэх, дээс томох, унины солго, баганы боолт, эмээлийн олом, морь, тэмээний ногт, аяганы уут, тавгийн уут зэргийг томох, ширэх уламжлалт аргыг зааж, соёлын өвийн боловсрол олгосон.
Уянга хийцийн гэр чимэглэлийг өндөр түвшинд урладаг Арвайхээр сумын өвлөн уламжлагч Г.Амирдаабазар найман ханатай гэрийн загвар зураг, өнгө, будгийн хослолыг гарган олны мэлмийг баясгалаа.
Өвөрхангайн зураач, урлаачдын “Барт хүрээ” ТББ-аас уламжлалт модон барын урлалыг түгээн дэлгэрүүлж, аймгийн музейд хадгалж буй хуучны барын дардсыг танилцуулан хүүхэд залуус, жуулчдад өөрсдөө барлаж үзэх боломжийг олголоо.
Хархорин сумын “Эрдэнэсийн хүрээ” ТББ-аас калиграфи уран бичлэгээр соён гэгээрэл, сургалтын үйл ажиллагаа явууллаа.
2024-05-14 10:54:37