Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс манай аймагт ажиллаж эхэллээ.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймаг, орон нутгийн удирдлагууд, Төрийн албаны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Төрийн албаны тухай хууль, тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй “ШҮҮР” ажиллагааны хүрээнд орон нутагт хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан, дүгнэлттэй танилцсан юм.
Төрийн албаны зөвлөлийн зөвлөн туслах ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд тус аймагт ажиллах бөгөөд энэ хугацаанд төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийн мэдээллийн баяжилттай танилцан мэргэшил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус хуулийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор уулзалт, сургалт зохион байгуулна.