• Албан ёсны цахим хуудас
Growing Uvurkhangai
“Growing Uvurkhangai” хөрөнгө оруулалтын чуулган боллоо

Аймгийн нийгэм эдийн засагт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилго бүхий “Growing Uvurkhangai” хөрөнгө оруулалтын чуулганыг амжилттай зохион байгууллаа.

Чуулганд УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, орон нутгийн удирдлагууд, биенес эрхэгчид болон Оросын холбооны улс, Франц улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын бизнс эрхлэгч, судлаачид нийт 280 хүн оролцлоо.

Өвөрхангай аймгийн эдийн засгийн 47.2 хувийг хөдөө аж ахуй, 36.3 хувийг үйлчилгээ, 16.4 хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлдэг. Тус аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр 74.7 хувьтай байна. Сүүлийн гурван жилийн байдлаар улс, орон нутгийн төсвийн 415 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа хийгээд байгаа юм.

Чуулганаар:

  • “Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт илтгэлийн Засаг дарга И.Доржсүрэн,
  • “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын төслийн танилцуулга илтгэлийг Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга, доктор (Ph.D) Д.Эрдэнэбаяр,
  • “Өвөрхангай аймгийн эдийн засаг, бизнесийн орчны судалгаа” илтгэлийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэд захирал  Ц.Магнайбаатар,
  • “Шинэ Хархорум” хотын талаарх танилцуулгыг “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун,
  • “Орхон-Онги” төслийн танилцуулгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга, доктор (Ph.D), профессор З.Батбаяр,
  • Онгийн голын усан цахилгаан станцын танилцуулгыг “Жи Эйч Пи” ХХК-ий ерөнхий геологич Ч.Эрдэнэчулуун,
  • Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэсэн 2х20 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийн танилцуулгыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн Эрчим хүчний бодлого, судалгааны секторын ахлагч, доктурант Д.Эрдэнэбат,
  • Аймгийн “2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний танилцуулгыг аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн,
  • Аймгийн хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, хэрэгцээтэй байгаа боловсон хүчний талаарх мэдээллийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, доктор (Ph.D) Б.Сайнжаргал нар тус тус танилцуулав.

“Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага” илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид чуулганд оролцогчдын саналыг сонсон, асуултад хариу өгсөн юм. 

Чуулганы үеэр Арвайхээр суманд хүнсний ногооны 1000 тоннын автомат төрөлжсөн зоорь, өвлийн хүлэмжийн цогцолбор байгуулах, 800 айлын орон сууц барих, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээвэр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, улсын чанартай Арвайхээр - Баянхонгор чиглэлийн АО302 дугаартай авто замаас Гучин-Ус - Шивээхүрэн чиглэлд хатуу хучилттай авто зам барих хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

2024-03-21 17:08:26